Жаахан байхдаа *Зүрхэнд шингэсэн намар* гэж СОАК үзэж байх үед гол дүрийн залуу нь хайртай охиноосоо хойд насандаа юу болж төрөх хүсэлтэй байгааг нь асуухад "Мод" гэж хариулж байхыг сонсоод тэр үедээ их л гайхаж байж билээ. Түүнээс хойш би ч бас энэ талаар зөндөө бодсоны эцэст өөртөө тохирох хариуг олсон юм. Би хэрвээ хүмүүн биеийг олж төрөөгүйсэн бол, эсвэл ахиад хүн болж төрөх тавилан олдохгүй бол "УС" болж төрөх байсан. Яагаад гэж үү? Ус бид 2 ер нь их адилхан болохоор тэр. Жаахан сонин санагдаж байж магадгүй л дээ. Гэхдээ би усны дэргэд байх үедээ дотоод хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, өөрийгөө чагнаж, хүсэл мөрөөдөл, зорилгоо хүртэл тодорхойлж чаддаг. Би усанд хүрэх үедээ ер бусын сонин мэдрэмж авдаг (мэдээж байнга биш). Ус миний ганцаардлыг , баяр баяслыг, бас уйтгар гунигийг хуваалцаж, уйлаад суухад чимээгүйхэн нулимсыг минь тосоод л авдаг. Тэр юу ч асуудаггүй, тэр зүгээр л сонсдог болохоор сэтгэл минь тайвширдаг байх. Ус амьдралыг тэтгэдэг, тэр бүгдэд хэрэгтэй учраас түүнийг бүгд хайрлаж, хүндэлж, үнэ цэнийг нь мэдэрдэг. (Сонин байж магадгүй ч гэсэн би бүгдэд хайрлагдахыг хүсдэг) Ус дэндүү тайван, урсаад л урсаад л... Уураа барьж дийлэхгүй үед ус л намайг ухааруулж, үнэн мөнийг тайлбарлаж байдаг. Тэр их эмзэг. Амархан асгарчихна, бас ширгэчихнэ. Түүний сэтгэл зүйд гадаад орчин шууд нөлөөлнө. Хүрээлэн буй орчин нь тайван байвал тэр аясаараа л долгиолно, хангай тэнгэр аашаа хувиргавал хүчтэй гэгч нь давалгаална. Тэр үг хэлэхгүй ч үйлдэл нь бүгдэд тодорхой байдаг юм
..
Би бол хүн биед хувирсан усны дусал. Арваннэгдүгээр сарын гуниг авч одсон сүүлийн бороо, аль эсвэл анхны яргуйтай цуг аз жаргал авчирсан эхний бороо ч байж болно. Ямар ч л гэсэн, юу ч болж байсан ус шиг л амьдрах юмсан. Урсаад л... 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Өөдрөг бай, өсөн дэвж