Намар болохоор л цаанаасаа сэтгэл гэгэлзэж, их хотын хөл хөдөлгөөн дунд өөрөөсөө өөр хэнийг ч  анзаарахгүй эргэцүүлэл дундуур ганцаараа алхлахдаа хөл доор хөглөрөх навчсыг хараад хөөрөн баясаж, тоглож гүйдэг байсан балчир ахуй насаа эрхгүй дурсаж эгээтэй л эргээд оччихсон юм шиг санагдаж дотроос нэг юм оволзох нь сонин. Учрал ийнхүү бодон алхсааар саяхан орсон борооны хатаж амжаагүй дуслуудыг сандал дээрээс арчаад хажуудаа унасан ганц шаргал навчыг авч хаях гэснээ гэнэт азнан түүнийг ширтэн дахиад л бодолд дарагдчихав. 4 жилийн өмнө яг ийм намрын нэгэн орой цаг агаар үнэхээр сайхан байгааг ашиглан зав гаргаж хэдэн зураг дарж цуглуулгадаа нэмэхээр Учрал гадагш гарав. Түүний хувьд зураг авах гэдэг хобби гэхээсээ илүү ажил болтлоо хөгжсөн зүйл. Энэ цэцэрлэгт хүрээлэнд гол объектоо болгоод зураг авах боломжтой хэд хэдэн сонирхолтой хөшөө, барилга байдгийг санаад тэр орой энэ газрыг сонгон ирсэн юм. Бараг нүцгэрч дууссан хос хоёр модны голд байрлах сандал дээр урд нь зурагтаар л харж байсан гэмээр өвөрмөц төрхтэй нэгэн хөөрхөн охин сууж байхыг тэр олж харав. Учрал охинд анзаарагдахгүй тулд дэргэдээ байх бутны араар орж зогсоод түүний зургийг хэд хэдэн янзаар дурандаа буулгав. - Үнэхээр үзэсгэлэнтэй юм гээч, би ч өнөөдөр азтай байна шүү. гэж бодсоор зургаа харан зогсохдоо тэр нэг зүйлийг анзаарав. Хамгийн сүүлийн зураг дээр охины хацрыг даган нулимс урсаж байгаа нь тод харагдлаа. Учралын сэтгэл эмтэрч яахаа мэдэхгүй хэсэг тулгамдан зогсов. Түүнд дөхөж очих хүсэл хичнээн байвч өөрөөс нь айж дөлөх вий гэхээс эмээнэ.
...Тэр охин дээр очин
-Уучлаарай, өөрөө их үзэсгэлэнтэй юмаа. Би зураг авдаг юм лдаа. Сая таны зургийг зөвшөөрөлгүй авчихсан юм, гээд зургийг нь үзүүлэн, таныг хүсвэл устгаж болно шүү гэв.
Охин эхлээд юу болоод байгааг үл ойлгосон шинжтэй гайхан харж, нулимсаа арчиж байснаа гэнэт инээмсэглэн,
-Зүгээр дээ, харин их гоё зураг байна. Миний цахим хаягаар явуулж болох болов уу? гээд цаасан дээр и-мейлээ бичиж өглөө.
Учрал гэртээ очоод зургийг нь фотошопоор янзлах гэтэл үнэхээр засвар ч хийх шаардлагагүй гайхалтай бүтээл байх аж. Тэр хэсэг оролдож сууснаа болин анхны хувилбараар нь хадгалахаар шийдэв. Зургийг эзэн рүү нь илгээснийхээ дараа кофе аягалан авч дэлгэцийнхээ өмнө тухлалаа. Тэр юу хийхээ мэдэхгүй хэдэн бичлэг үзэж, кино хайж сууснаа гэнэт фэйсбүүк орж охины цахим хаягийг бичин хайж "Sarnai Rose" гэх хуудас руу зочлов. Тэрээр гадаадад багаасаа өссөн бололтой дандаа л янз бүрийн гадаад хүмүүстэй авахуулсан зурагтай байх бөгөөд "төрөлх хэл" гэсэн хэсэгт "Монгол, Англи" гэж бичсэн байх аж. Тэндээ их сургууль төгссөнийхөө дараа эх орондоо ажиллахаар ирсэн тухайгаа пост бичжээ. Учрал зурагнуудыг нь гүйлгэн үзэж суухдаа "Үнэхээр хөөрхөн юм гээч" гэж бодлогоширсоор байлаа.
Учрал түүн рүү найзын хүсэлт явуулсны дараа унтахаар хэвтэв.
Маргааш нь Учралын фэйсбүүкт шинэ зурвас ирэх нь тэр.
-Сайн уу? Миний зургийг явуулсанд баярлалаа. Би чамаас нэг юм гуйх гэсэн юм. Манай найз залуу бид 2 гоё зураг авахуулах гээд нэлээн удаан ярьж байгаа. Чи хэрвээ дургүйцэхгүй бол чамаар авахуулах гэсэн юм.
-Сайн. Сайн уу? Мэдээж тэгэлгүй яахав. Миний утасны дугаар 99******, ярьж байгаад өдрөө товлоод уулзацгаая. :)
Учрал зурвасаа илгээгээд өглөөний цайгаа бэлдэхээр бослоо.
... Тэр өдрөөс хойш охид үнэхээр сайн найзууд болсон юм. Монголд дотны найз байтугай таних хүн ч цөөхөнтэй Сарнай, багаасаа хэтэрхий ганцаардмал өссөн зургийн аппаратаас өөр хань болох зүйлгүй Учрал. Яг л нэг нэгнээ олсон юм шиг ойлголцож, хамт байж, зовлон жаргалаа хуваалцаж байв.
Хэдэн сарын дараа Сарнай болон түүний найз залуу Жавхаа 2 Учрал руу залган сайхан мэдээ дуулгах нь тэр. Тэд энэ хорвоогийн хамгийн хариуцлагатай мэргэжлийг эзэмшихээр болжээ. Ээж, Аав...
... 10 сар нүд ирмэхийн дотор өнгөрч  эмнэлгийн хүлээлгийн танхимд Учрал, Жавхаа 2 сандралдан зогсох өдөр аль хэдийн дэргэд ирлээ. Хүүхдийн час хийн уйлах чимээнд тэд тэврэлдэн уйлалдаж, баярлан дэвхцэцгээв.
Маш их баяр баясал авчирсан хэрнээ түүнээсээ их гуниг авчирсан тэр мөч...
- Та охинтой болсон. Гэвч... Сэтгэлээ бариарай ... Ээж нь төрөхийн хүндрэлийг дийлсэнгүй тэнгэрт хальчихлаа.
Эмчийн хэлсэн энэ үг Учрал, Жавхаа 2-ын амьдралыг орвонгоор нь эргүүлж чадахаар гашуун байсан ч Сарнайгийн үлдээсэн захидал тэднийг хар нүх рүү унагалгүй үлдээж чадсан юм.
"Учралаа, надад юу гэж санагддаг гээч? Би ганцхан чамайг л хайж Монголд ирсэн байхаа гэж. Чам шиг охинтой танилцаж, найзалж, амьдралынхаа сүүлийн нэг жилийг жинхэнэ найз гэдэг хүний үнэ цэнийг мэдэрч өнгөрүүлсэндээ би маш азтай бүсгүй байсан. Чамтай анх таардаг өдөр би хүүхэд төрүүлж болохгүй, хэрвээ төрүүлэх юм бол эх үрийн аль нэг нь эндэх аюултай гэдгээ мэдсэн өдөр байсан юм. Яагаад намайг уйлж байсныг одоо ойлгосон уу? Тэр өдөр яг бурхан чамайг над уруу илгээсэн байхаа. Чи байхгүй байсан бол миний амьдрал яг хар дарсан зүүд шиг байх байсан. Энэ талаар хэлээгүйд уучлаарай. Хэрэв хэлсэн бол чи намайг хүүхэд төрүүлэхгүй байхыг ятгах байсан шүүдээ. Би өөрийнхөө, бас хайрт Жавхаагийнхаа амьны тасархайг үгүй хийхийг хүсээгүй юм. Миний хүүхэд надаас сайхан амьдрана гэж итгээд чамд найдаад үлдээлээ шүү. Сайн хүн болгож өсгөөрэй, тэр чиний найз байж намайг орлох болно. Чиний амьдралын найз Сарнай."
"Хайраа, чамайгаа зовоохыг хүсээгүйг минь, чиний үргэлжлэлийг үлдээж, өөрийгөө явуулахыг сонгосонд минь, энэ бүх хугацаанд бүгдийг нуусанд уучлаарай. Чи минь миний аз жаргал, инээмсэглэх шалтгаан, эрч хүч бэлэглэгч минь байсан юм шүү. Бидний хайраас ургасан түүнийг хайр, халамжаар битгий дутаагаарай. Чамдаа үлдээж байгаа хамгийн том бэлгийг минь хүлээн авна уу. Би чамдаа амь наснаасаа ч илүү хайртай. Чиний Сарнай. "
... -Ээжээ, гэх цангинасан дууг сонсоод Учрал нулимсаа арчаад эргэж харав.  Түүний зүрхэнд маш их хайр дүүрэн ирэх нь тэр. Инээмсэглэн зогсох Жавхаа охинтойгоо хамт давхар биетэй эхнэрээ авахаар ирсэн нь энэ байж...

Комментарии

Популярные сообщения из этого блога

Өөдрөг бай, өсөн дэвж