Мэргэжил бүхэн сайхан
Миний хувьд анагаахын чиглэлээр ОХУ-д суралцдаг бөгөөд эмч болохоор зорьж байгаа хүүхдүүддээ мэдээлэл өгөх үүднээс 
анагаахын сургуульд суралцах давуу болон сул талуудыг чадахынхаа хэрээр тоочъё. 
-Юуны өмнө амьдралынхаа 10 болон түүнээс дээш жилийг дахиад сурч өнгөрүүлнэ гэсэн бүрэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй.
-ЭЕШ-дээ бэлдээд өөрийгөө аймар их хичээл хийж байна гэж бодож байвал үнэхээр том эндүүрэл. 9 сарын эхний 7 хоногт л үүнийг ойлгоно.
-Бараг бүх хичээл дээр бүтэн ном цээжилж ирэх даалгавар өгнө. Дараа долоо хоногт асуугдаж чадахгүй бол нөхөж асуугдахын тулд 2 ном цээжлэх хэрэгтэй болно. ( Яг ч бүтэн ном биш лдээ. Тэгэхдээ бараг л 😂 ) Монголын анагаахд бол уншаагүй тохиолдолд касс-нд мөнгө төлөөд, баримтаа багшдаа авчирч үзүүлснээр нөхөлт хийх боломжтой болдог. 
- Аймар гоё давуу тал- та нар хаана ч, ямар ч үед, суугаа, зогсоо хамаагүй унтаж сурна. 😅 
- Анатомийн хичээл чинь та нарт шөнө бүтэн нойртой хонох боломж олгохгүй. Тэгээд хоолны буруу зуршилтай болсноос гастрит гэх мэт өвчтэй болж магадгүй. (Эрт мэдээд авчихвал энэ тал дээр анхаарчихдаг юмаа анхнаасаа) :) 
- Цус харах, нас барсан хүнтэй ярих, хүний биед мэс хүргэх бүрэн чадвартай байх хэрэгтэй.
- Аймар том, аймар хүнд, аймар үнэтэй номнууд үргэлж цүнхэлж явах, бас заавал худалдаж авах шаардлагатай. 
- Бусад сургуулийн найзуудтайгаа уулзах цаг үнэхээр ховордоно. Чөлөөт цаг бараг л гарахгүй дээ. 
- Хүн бүр чам руу залгаж миний энд ингэж өвдөөд байна, тэнд тэгж өвдөөд байна. Яах уу? гэж асуудаг болно. Яг үнэндээ чи дөнгөж сая л оюутан болсон 😂 
- Үеийн олон нөхөд чинь ажилтай, өөрсдийн гэсэн байртай, эхнэр, нөхөр , хүүхэдтэй, аль хэзээний амьдралаа босгочихсон байх үед чи сурсаар л байна. 
- Хамгийн муухай нь чи ерөөсөө өвдөх эрхгүй! 
Гэхдээ үнэхээр хүсэл сонирхол, зорилго тэмүүлэл нь байвал энэ бүхэн ямар ч ач холбогдолгүй санагдаж , нэг их шантарч болимоор сэтгэгдэл төртөл хэцүү байдаггүй юм. Цагийн юмыг цагт нь хийж, унш гэсэн болгоныг унших ёстой үед нь уншиж ойлгож, утас илж суух цагаа хичээлээ хийхэд зориулаад байх юм бол чамд ерөөсөө хэцүү, хичээлд дарагдсан юм шиг санагдахгүй. Хамгийн гол нь анагаах төгсөнө гэдэг бол хүн бүрийн даваад гарчихдаг хялбархан даваа биш. Энэ бүхнийг даван туулахын тулд маш их тэвчээр, хатуужил хэрэгтэй. Тийм болохоор чиний дааж чадах ачааг л өгдөг гэсэн үг. Чи маш олон мундаг хүмүүстэй танилцаж, тэд нараас үлгэр дуурайлал авч, мундаг мундаг профессор, доктор багш нарынхаа амьдралын түүх, ажлын туршлагыг сонсож асар их урам зориг авах болно. Чи өөрийнхөө бие организмын тухай бүрэн мэдлэгтэй болж, хаанаас нь ч асуусан хариулж чаддаг болно :) . Чи төгсөж гараад байж болох бараг л хамгийн бага цалинг авна, гэхдээ яахав дээ, чадвартай эмч болж чадах юм бол өөрийнхөө чадлаар мөнгө олоод байх боломжтой. Гэхдээ нүцгэн үнэн гэвэл баяжих гэж эмч болдоггүй юм шүү. "Эмч" гэдэг үгний утга учир, мэргэжлийн үнэ цэнэ нь цагаан халат, цагаан сэтгэл 2-т оршдог юм. Чиний гарт хүний амь нас, амьдрал, ар гэр, тэр хүний гэсэн бүх зүйл оршиж байдаг болохоор хэзээ , хэдэн цагт  , хаанаас  , хаа хүртэл нь хамаагүй чамайг хүний амь аврахын тулд дуудах юм бол тэр үед чи яваад л очих сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Эцэст нь чи хүмүүст амьдрал бэлэглэж, маш олон хүний талархлыг хүлээж, сайхан энерги өөртөө цуглуулж, тэр бүхнээсээ эрч хүч авна гээд бод доо. :) Үнэхээр гайхалтай биш гэж үү.

Комментарии

Популярные сообщения из этого блога

Өөдрөг бай, өсөн дэвж