Бүүдгэр тэнгэр нь нартайгаа, сартайгаа
Будрах цас, дуслах бороотойгоо
Бүхлээрээ зүрхэнд багтсан юм шиг
Бөөрөлхөж явсан балчирхан насандаа
Сэтгэл гэх нав нарийхан утсаар
Сүлжигдэж хэлхэгдэж нэгэн бие болсон
Сэтгэлээс өөр дурсгах бэлэггүй ч
Сэтгэл цагаан миний найзууд
Гар гараасаа барьж нэрээ бид мэдэлцээгүй
Гангар хоёр хун шиг нэгнийхээ төлөө үхээгүй
Гар гараасаа барьж тангараг бас өргөөгүй
Ганган хээрийн цэцэг шиг гархилж ер яваагүй
Гал шиг гэнэт дүргэлзэвч муу үгийг хэлээгүй
Голд ортол гомдовч цэг хэзээ ч тавиагүй
Гуниг шаналалын цагт ганцаар огт орхиогүй
Гунхаж явах үедээ биенээ бас мартаагүй
Хайр гэх маш уяхан утсаар
Холбогдож нэгтгэгдэж нэгэн амь болсон
Хайраас өөр хадгалах бэлэггүй ч
Хайр нь ариухан миний найзууд
Асуулт хариултын шугамаар анд бид бололцоогүй
Амьдрал гээчээс уйдаж азаа ер хөөгөөгүй
Аз жаргалдаа бялхавч нөхдөө үл тоогоогүй
Ангалын аманд тулах үед гараа бид харамлаагүй
Асуудал нь асч байлаа ч тээршааж хэзээ ч түлхээгүй
Айдас нь давж байлаа ч сүүлээ хавчиж байгаагүй
Ааг омогтоо дийлдэвч астал уцаарлаж үзээгүй
Асч явах үедээ бусдыгаа унтрааж доош хийгээгүй
Итгэл гэх тийм хэврэг утсаар
Эвхэгдэж эгнэгдэж нэгэн махбод болсон
Итгэлээс өөр өгөх бэлэггүй ч
Итгэл нь үүрд миний найзууд.
...Од шиг гялалзаж, тэнгэрт гэрэлтэж
Олонд магтагдаж, тэнгист хөвж
Огторгуйд түгж, орчлонг эзэгнэсэн ч
Орь залуу дэврүүн насаа би
Зүрхний минь хэдэн тасалгаанд
Зүгээ олоод тухлаад суучихсан
Зүггүй багын үнэнч нөхдөөрөө
Чимж явна, чин зүрхнээсээ хайрлаж явна...
Комментарии
Отправить комментарий