Нoм уншсан тэмдэглэл <<Нууц "Өсвөр үе ба залуучууд" >>
...Номын эхний хуудсан дээр "Хайртай дүүдээ. Илүү их амжилт гаргаарай. 2010.04.21" гэх эгчийн минь сэтгэлийн үг зурайж байв. Бүхэл бүтэн 6 жил би энэхүү номыг уншиж зүрхлэлгүй хойш тавьж шүүгээндээ хадгалсан байжээ. Цаг хугацаа үнэхээр нисэх мэт өнгөрч буйг сая л анзаарч байгаа минь энэ...Магадгүй тухайн үед 13 настай бяцхан охин амьдралд суралцах арай болоогүй байсан юм болов уу? Эд нахиалж, өөрийгөө олох гэж бүдчиж байсан гэрэл гэгээтэй үе минь шүүдээ. Ямар ч байсан тэр үед би уран зохиолын ном , өгүүллэг, туужуудыг ихэд сонирхон уншдаг байсан юм. Гэхдээ энэ их хугацааны дараа амьдралын маш олон нууцуудыг задалсан энэхүү номыг уншиж, ойлгосондоо би маш их баяртай байна.
Тэгэхээр нууц гэж яг юу вэ? Хэрвээ бүгдэд ойлгомжтой, бас огт нуршилгүй тайлбарлах юм бол нууц бол таталцлын хууль. Өөрөөр хэлбэл чи юу л бодно, тэр бүхэн чинь тохиолддог гэсэн үг. Хорвоо ертөнц дээр ижил төстэй зүйлс ижил төстэй зүйлээ л татдаг. Тиймээс өнөөдөр инээх үү, эсвэл гуниглах уу гэдгийг чи өөрөө л шийдэж чиний бодол санаа бүхнийг удирдаж, чиглүүлж байдаг юм.
Жишээлбэл, чамд нэг дуу маш их таалагдаж, чи тэр дууг байнга сонсож, түүний тухай бодож байна гэж бодьё. Гэтэл дараа өдрөөс нь чиний явсан газар бүр тэр дуу эгшиглэж байдаг. Ийм зүйл тохиолддог л биздээ? Энэ бол чиний бодол ямарваа нэг зүйлийг татаж байдгийн нэг бяцхан бас жирийн л нэг жишээ юм.
Чи өөрийгөө азгүй, бүтэлгүй, бүх зүйл чинь бүтдэггүй гэж бодож байгаа бол чи үргэлж л тийм байна. Чи өөртөө итгэлтэй байж, өөрийнхөө чаддаг зүйлсээр бахархаж, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж чадвал тэр хэрээрээ сайн сайхан зүйлс чамайг чиглэн ирэх нь тодорхой. Амьдралын гол утга учир нь толинд хараад өөртөө дурлаж, өөрийгөө хайрлаж чаддаг байх явдал юм шүүдээ. Чи бусдаар хайрлуулахыг хүсвэл эхлээд өөрийгөө чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг байх хэрэгтэй. Чиний сайн сайхан бодлууд дэлхийг хүртэл өөрчилж чаддаг гээч. Эргэн тойрон гарч байгаа гэмт хэрэг, орой бүр мэдээгээр үзүүлдэг хар бараан мэдээллүүд, устаж үгүй болж байгаа ой мод, ширгэсэн гол горхи гээд л. Яг үнэндээ бид бүхэн энэ зүйлүүдэд хэт их анхаарлаа хандуулж, санаа зовниж, байнга муу талаас нь харж бодож байдаг учраас энэ бүхэн өрнөөд байгаа юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Эхлээд өөрөөсөө эхэлж, ирээдүйд дэлхийг хүртэл өөрчилж чадах гол хүчин зүйл, гол удирдлага нь чи өөрөө, чиний бодол, оюун санаа учраас үргэлж талархаж, үргэлж гэрэл гэгээтэй талыг харж, хүсч мөрөөдөж байгаа зүйлээ нүдэндээ харагдтал төсөөлж, хэрэв биелэх юм бол ийм мэдрэмж төрөх байхдаа гэж санагдаж байгаа мэдрэмжээ хүртэл бодит байдал дээр өөрөө мэдэрч, тэмүүлж авахыг хүсч буй зүйл чинь аль хэдийн чинийх болсон юм шиг, чи зорьж байсан өндөрлөгтөө өнөөдөр хүрчихсэн байгаа юм шиг санаж, сэтгэх юм бол чиний амьдрал санаанд оромгүйгээр өөрчлөгдөж, үргэлж аз чамайг ивээж, чи яг л өөрийнхөө мөрөөдөж байсан тэр замаар явна гэдгийг амлаж байна.
... Нууц над дээр ажиллаж байсан уу гэж үү? Тиймээ, хэд хэдэн чухал үйл явдлууд шууд толгойд минь бууж байна. Нэг жишээ нь гэвэл өнгөрсөн жил 10 жилд суралцаж байх үеийнхээ зурагнуудыг үзэж байгаад нэгэн фотошопоор эвлүүлсэн зураг олсон юм. Тэр зурган дээр юу дүрслэгдсэн байдаг гээч? Москва, улаан талбай, Кремль, тэгээд инээмсэглэн зогсож буй би. Миний комьпютерийн дэлгэцийг 2 жил чимсэн энэ зураг ирээдүйг минь аль хэдийн тодорхойлчихсон байжээ, харин тэр үед би нууцын хуулийг мэддэггүй байсан юм.
Яг одоо үзэг цаас аваад өөрийн хийх дуртай, чамд аз жаргал мэдрүүлдэг зүйлсээ жагсаан бичээрэй.
Яг одоо өөрийн хүсэл, амьдралын зорилгоо тодорхойлоорой.
Яг одоо өөрийн хамгийн аз жаргалтай, бодоход л инээд хүрмээр дурсамжуудаа санаарай. Тэгээд гунигтай үедээ тэднийгээ дотроо бодоорой.
Яг одоо өөрт байгаа бүхэндээ талархаарай. Чамд зориулагдаж манддаг нар, чамд зориулагдаж түгдэг од, чамд л зориулагдаж ирсэн хайртай хүмүүстээ бүгдэд нь талархаарай.
Яг одоо өөрийн хүслийн жагсаалтаа гаргаарай, гэхдээ түүнийгээ яг одоо биелчихсэн байгаа мэтээр дүрслээрэй.
Яг одоогоороо л амьдраарай. Өнөөдөр болохгүй байсан зүйл маргааш дээрдэнэ гэж байхгүй. Өнөөдөр бүтэхгүй байгаа зүйлээ өнөөдөр л бүтээх ёстой гэдгээ ухаараарай.
Яг одоо л өөрийгөө хайрлаарай...
... -"Боломжгүй" гэдэг үг бол өөртөө оноогдсон таагүй зүйлсийг өөрчилж, хүссэндээ хүрэх боломжийг олж авахын оронд хувь заяандаа хүлүүлэн, гараа хамхиж суухыг илүүд үздэг, насанд хүрсэн том хүмүүсийн амнаас унадаг, жижигхэнээс жижигхэн үг юм шүү.
- Хүрээлэн байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун байх нь дотоод сэтгэлд амар амгалан, хайр энэрэл, аз жаргалыг авчирч, хүссэн зүйл болгоныг чинь урин дуудагч болж чадна.
-Мөнгөөр аз жаргалыг худалдаж авч болохгүй ч гэлээ, аз жаргалаар мөнгийг авч болно.
- Хэн нэгэнд гомдоллосноор та ямар ч асуудлыг шийдэж чадахгүйгээр барахгүй, гомдоллож байгаа асуудлууд чинь улам бүр овоорон нэмэгдсээр байх болно. Өөрийнхөө азгүй, ганцаардмал байдлын талаар гомдоллож, гонгинодог хүмүүс өөртэйгөө адилхан хүмүүсийг татахаас өөр юу ч хийж гавьдаггүй.
-Би л өөрөө өөрийгөө хайрлахгүй бол өөр бусад хэн ч намайг хайрлахгүй.
- Бусдаас хайр хүндлэлийг олж авахын тулд чи өөрөө тэр хайр хүндлэл нь байх учиртай.
- Хүмүүс өөрчлөгддөг. Зарим нь чиний амьдралаас бүр мөсөн явж оддог. Тэглээ гээд санаа зовохын хэрэггүй. Магадгүй тэд явснаар өөр бусад хүмүүсийг амьдралд чинь оруулж ирэх орон зайг бий болгоно. Харин тэдгээр шинэ хүмүүс нь баяр баясалтай, аз жаргалтай чамайг жинхэнэ ёсоор хүндэтгэдэг хүмүүс байх нь ойлгомжтой.
-Чиний санаснаар болохгүй бол огтхон ч санаа зовох хэрэггүй, яагаад гэвэл бүх ертөнц чамд түүнээс илүү сайхныг бэлдчихээд хүлээж байгаа гэсэн үг.
- Чи бусад хүмүүсээр өөрсдийнх нь хүсэл сонирхлын эсрэг ямар нэг зүйл хийлгэж, өөртөө хайртай болгож чадахгүй гэдэг үнэн бий.
- Хорвоогийн хамгийн сайн сайхнаар дүүрэн энэ баян тансаг ертөнц одоо ч миний, бас таны дотор оршин байдаг. Яг л диваажин шиг.
-Хэрвээ танд эрүүл мэнд байхгүй бол, танд юу ч байхгүй.
- Хүчирхийллийг эсэргүүцэх нь эцэс сүүлдээ түүнээсээ ч хүчтэй хүчирхийллийг би болгодог юм гэдгийг санах хэрэгтэй юм. Олон хүн нэгдэн нийлж хүч хэрэглэснээр хүчирхийллийн асуудлыг шийдчихдэг юм биш.
Комментарии
Отправить комментарий