Та яаж ийм гайхалтай байдаг юм бэ, ээжээ. Уучлал эрсэн үгс минь төгсгөл үгүй урсаж байхад, уйтгарын гашуун нулимс хацар дээр хатаж байхад, гомдоллосон олон үгс минь ундраад л, ундраад л байхад , ганцхан үг хэлээд л нар мандуулчих юм.
Та яаж ийм гайхалтай байдаг юм бэ, ээжээ. Амжилт бүхний ард асаалттай зогсоод, айж сүрдэх юм бол хурайлж аргадаад, айлын хүнд гомдоод ахиад л уйлж байхад ганцхан инээмсэглэл урлаад л дулаацуулчих юм.
Та яаж ийм гайхалтай байдаг юм бэ, ээжээ. Аз жаргалтайгаар инээх үед намайг харж сэтгэлээ дүүргээд, айлын тавагнаас атга чихэр хармаалж арван естөй охиндоо хадгалаад, алдрай жаахан хэвээр нь л охиноо нандигнах юм.
Та яаж ийм гайхалтай байдаг юм бэ, ээжээ. Баярлах үед нүдэнд тодрох оч, гуниглах үед сэтгэлд татах манан, хайрлах үед зүрхэнд ирэх догдлол, надад хэдийнээ танил болсон аль эсвэл шинээр ирсэн энэ бүх мэдрэмжийг хуваалцая гээд хүн хайвал, хамгийн түрүүнд та л байх юм.
Охин нь ижийгээсээ юу ч нуухгүй ээ, хүйгээрээ холбогдсон байдаг юм болохоор хэлүүлэлтгүй мэдэрчихээд хөөрхий таны минь санаа чилчихнэ шүү дээ.
Комментарии
Отправить комментарий