Хавар дэлбээлсэн яргуйн дэлбээг
Шүүдрийн дусал дурлан таалах шиг
Хайрт хүний бурам шиг үгэнд
Шуналтайхан цэнгээд байхлаар
Хүйтэн намрын зэвхий тэнгэр
Хонзон санаж сааралтаад байна уу
Хонгор зүрхний уянгат аялгуу
Хоногоор эгшиглэж болохгүй юм гэж үү
Намрын сүүл сарын тэнгэр
Өвгөн мөртлөө намбагүй аж
Найрын уянга уже дууссанд
Өс санаж хилэгнэх аж
Ерөөс намайг гуниглахгүй байхлаар
Есдүгээр сар шиг аашилсан аж
Арваннэгдүгээр сарын тэнгэр
Арга ч үгүй ганцаардсан аж
Эртний анд-миний сэтгэлд
Ээнэгшин дасчихаад санасан аж
Эсвэл түүний уужим орон зайг
Эзэгнэх гэж нэг нь оролдсон аж
Шаналал юуг нь дэвтээх увдистай
Шиврээ бороо нь халаагаа өгсөнд
Эвий, энэ нутгийн минь дээвэр
Эвлэрч ер дөнгөхгүй аж
Оройтож унагасан бороон дусал чинь
Үүрийн жаврыг даагаагүй аж
Өглөө сэрэхэд хөрст дэлхий
Мөсөн дээлээ өмссөн байж
Оройтсон бороо цонх тогшход
Олон зүрх булиглаж, гуниглаж
Одоо л нэг юм замхарч ядсан
Олон дурсамж сэргэж, сэдэрч
Тэнгэр чиний тавьсан зорилго
Биелэл юугаа олоход
Тэнэг миний гэнэхэн амьдрал
Бүүр түүрхэн үзэгдэх аж.

Комментарии

Популярные сообщения из этого блога

Өөдрөг бай, өсөн дэвж