"Тэнгэр бид хоёр яг адилхан сэтгэдэг"
Тэнэг ч юм шиг, эгэл ч юм шиг
Төсөөлөл минь
Төөрсөн бодол минь...
Ганган цэнхэр өнгө нь сүүдэрлэн барайхад
Гацсан мянган бодол сэтгэлд ярайдаг
Гэрэлт алтан нар нь гэртээ нуугдаж суухад
Гуньсан зүрх хөндүүрлэж цээж хоосорч байдаг
Давхралдсан их үүлс нь дүрсээ үл олоход
Даанч олон бодол минь тархи зүсэн хөврөлддөг
Дуслан дуслах бороо нь хацар үнсэж нялуурахад
Дурлалаар наадуулсан мэдрэмж минь хацраар урсаж тайтгардаг
Хүйтэн салхи нь хүчтэй исгэрч
Хүнгүй гудамж сэтгэл ганцаардуулавч
Хөх тэнгэр л цэлмэг байвал
Хөнгөн гуниг холдож оддог.
Өвөл, хавар, намар, зун
Өнгөө өөрчлөн ээлжилж байсан ч
Өвгөн тэнгэр л мишээж байхад
Өөрөө би жаргалтай байдаг.
Надаас өөр хэн ч намайг үл сонсож байхад
Нарнаам хүртэл нуугдаж дэргэд минь байдаг
Нулимс юунаасаа ичин худлаа инээж байхад
Нүдэнд тодрох гунигийг аль хэдийн ажсан байдаг.
Тэгээд тэр уйлж эхлэхэд
Тэндээс бороо асгарч байдаг
Тэгээд би уйлж эхлэхэд
Тэнгэр намайг аргадаж байдаг.
..."Тэнгэр бид хоёр яг адилхан сэтгэдэг"
Тэнэг ч юм шиг, эгэл ч юм шиг
Төсөөлөл минь
Төөрсөн бодол минь...

Комментарии

Популярные сообщения из этого блога

Өөдрөг бай, өсөн дэвж